Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд Та бүгдэд Туул голын асуудлаар хандах нь

Туул тосгоны оршин суугч бидний нөхөд та бүхнийг анхаарлаа хандуулна уу гэж хичээнгүйлэн хүсэн энэхүү захиаг бичиж байна.

Улаанбаатар хотын  бохир ус цэвэрлэх  байгууламж нь  1964 онд анх  ахуйн бохир усыг цэвэрлэх зорилгоор байгуулагдсан байна. Тус байгууламжийг 1998 оноос эхлэн нийт 4 удаа шинэчлэл хийж,  сүүлийн 2 -ыг 2003 – 2009 онуудад Испани улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж,  2009 онд БНСУ-ын тусламжаар хэт ягаан туяагаар халдваргүй жүүлэх төхөөрөмж ч тавигдсан  гэдэг.

Өнөөгийн байдлаар 155000- 165000м3 усыг цэвэрлэж, цэвэрлэсэн  усаа  Туул голд нийлүүлж байна.  Энэ байгууламжид Улаанбаатар хотын  үйлдвэр үйлчилгээ орон сууцны бохир ус түүнчлэн   арьс ширний  26 үйлдвэрийн бохир усыг хүлээн авч цэвэрлэгээ хийгдэж байна.  Тус байгууламжийг  хоногт 170.000м3 ахуйн болон үйлдвэрийн бохир усыг  механик болон биологийн  аргаар 90-92%  хүртэл цэвэрлэх хүчин чадалтай  гэж үздэг байна.

Гэтэл цэвэрлэх байгууламжийн ус  Туул голд нийлэх хэсгээс эхлэн  голын усны өнгө өөрчлөгдөн  Туул гол маань бохир ус урсаж байгаа  мэт болсон.  Уг нь голын ус байгалын замаар өөрөө цэвэршдэг боловч Туул гол маань ингэж цэвэрших чанараа алдаж байна.

Хан- Уул дүүргийн 13 –р хорооны иргэдийн  70- 80 хувь нь  энэ голоо дагаж амьдардаг юм.  Гэтэл Туул голын усны бохирдол улам ихэссэр олон жил боллоо. Туул голоос маань  цэвэрлэх байгууламжийн бохир ус шиг үнэр үнэртэн,  өнгө нь ногоорон харлаж урссаар  Орхон голд цутгахад хүрч байна.   Голын уснаас болж хүн, малын эрүүл мэнд муудаж, арьсны өвчлөл ихэссэн талаар бид албаныханд гомдоллож, асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг ч төдийлөн үр дүн гарахгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй мал голын уснаас хордон хээл хаядаг, хавар зуны улиралд өмхий үнэр нь хэрээс хэтэрч байна. Тэр бүү хэл хаврын цагаар гол гаталсан мориноос  хэд хоног  өмхий ханхалдаг  боллоо.

Иргэд бид голын ус химийн  хортой бодисоор бохирдож энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна мөн үр хүүхдийн минь эрүүл мэндэд онцгой муу нөлөө үзүүлж байгаа байх гэдэгт хамгийн ихээр санаа зовцгоож байгаа юм.  Эрх бүхий хүмүүсээс Туул голын бохирдол тухайлан химийн бодисын найрлагын талаар  мэдээлэл хүсэхэд тодорхой хариу өгдөггүй.  Ийм учраас олон жил бид тэсвэр гарган асуудлыг шийдэх байх гэж харж хүлээсээр өнөөг хүрсэн  бөгөөд үүнд та бүхнийг итгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  Эцэст нь Та бүхнийг анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээ авах байх гэдэг үүднээс энэ захиаг бичиж байгаа юм.

Бидний амьдрах орчин жилээс жилд доройтон муудаж,  голын уснаас зөвхөн зуны цагт өмхий үнэртдэг бол одоо улирал харгалзахгүй байнгын  муухай үнэртэй амьтан мал хажууд нь  байх нөхцөлгүй болж байна.

13-р хорооны иргэд бид тус голын бохирдох үндсэн шалтгааныг хотын цэвэрлэх байгууламжийн  ажиллагааны чанар муу, технологи, горим алдагддаг түүнд тавих хяналт сул байгаатай холбон үзэж байгаа юм.

Иймд Монгол Улсынхаа нийслэл хотын дундуур урсдаг ганц том гол болох Туул голын усны нөөц, чанарт анхаарал хандуулах  шаардлагатай  байна. Та бүхэн мэдэж байгаа, усны асуудал хариуцдаг олон төрийн байгууллага байна. БОАЖЯ,  Улаанбаатар хотын захиргаа, “Монгол Ус” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, Туул голын сав газар гэх мэт эдгээр байгууллагын мэргэжилтнүүд  болон холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд хамтран Туул голын бохирдлын  шалтгаан, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны  чанар зэрэгт тодорхой  дүгнэлт хийж,  Туул голын  бохирдлыг зогсоох улмаар  голын усыг цэвэрлэх арга хэмжээ авах асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж өгнө үү.

Бидний хүсэлтийг анхааран судлан үзэж тодорхой шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэлтэй байна.

2016 он

2016.10. Туул голын бохирдлын байдал (шинжилгээний зарим дүн)

tuul-goliin1

Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 2016 оны 10 сарын шинжилгээний  дүнгээс үзэхэд  голын усны эрдэсжилт хотоос дээш болон Улаанбаатар хот орчимд маш бага, 40- 50 мг/л, хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош 2- 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хотоос доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Сонгино доод цэгийн орчим голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.5- 8.8 мгО/л буюу ХА-аас 1.8- 2.9 дахин давж, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.04- 2.51 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 2.1- 5 дахин , эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.141- 0.198 мгР/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.4- 2 дахин давсан бохирдол илэрчээ.

Шинжилгээний дүнгээс:

Улаанбаатар хотоос доош хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош усны эрдэсжилт 2- 3 дахин нэмэгдсэн байна.
Мөн хотоос доош хэсэгт органик бодисын болон эрдэс азотын агууламж ХА-аас 1.3- 5 дахин давсан бохирдол илэрсэн ба ХА-аас давсан үзүүлэлтийн тоо цөөрч, эрдэс азотын агууламж багассан байна.
Улаанбаатар хотоос доош цэгүүдэд усны бохирдол эрс ихсэж байгаа нь нийслэлийн төв цэвэрлэх багууламжийн цэвэрлэгээний чанартай шууд холбоотой юм.
Өнөөгийн байдлаар цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлт 51%-тай байгаа ба хаягдал бохир усан дахь жинлэгдсэн бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар болон нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс маш ихээр давсан байна. Энэ нь тус байгууламж усыг шаардлагын хэмжээнд хүртэл цэвэршүүлэхгүй байгааг нотолж байна.

tuul-goliin4

 

tuul-goliin2

Мөсжсөн ус зүсэлт, бохирдлын давхраа ↓

tuul-goliin3